ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Миний бие одоогоос 30 гаран жилийн өмнө “Их-уул“ нэртэй ХЭАА -гаа байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Тухайн үед анхны нэрийн хуудсаа сэтгэл догдлон хийлгэж, анхны гарын үсгээ зурж, анхны мөнгөн гүйлгээгээ тамгалан түүнийгээ тал, талаас нь харан яльгүй ичсэн, нэрэлхсэн байдалтайгаар банкин дээр очиж анхны мөнгөн гүйлгээгээ хийж байсан цаг тун саяхан мэт санагдаж байна.
Тэр цагаас хойш удалгүй ХЭАА-аа компани болгон өргөжүүлж байсан цаг маань бас л саяхан мэт санагдана. Гэвч хувь хүний амьдралд 30 жил гэдэг тийм ч богино хугацаа бишээ. Анх компаниа “МОДУН“ гэж нэрлэхэд олон хүн МОДУН гэдэг нэрийн учрыг үл ойлгон хятадын хөрөнгө оруулалттай, хятад нэртэй компани уу гэсэн асуултыг надад цаг үргэлж тавьдаг байв. Тэр үед миний бие ХҮННҮ гүрнийг үндэслэгч их эзэн хаан МОДУН ШАНЬЮЙ-ийн талаар хүмүүст цөхрөлтгүй ярьж, домог түүхийг нь хүртэл уйгагүй тайлбарлаж өгдөг байж билээ. Гэвч одоо МОДУН гэдэг нэрийн утга учрыг хүн бүр андахгүй мэддэг болжээ. Мөн Модун гэдэг нэрийн ард юм уу урд нь дагавар нэр залгасан шинэ залуу компаниуд олноороо байгуулагдан бий болжээ. Ямартай ч Монгол улсад Модун хааны нэрээр нэрлэгдсэн анхны компанийг үүсгэн байгуулан улмаар групп компани болтол өргөжүүлэн хөгжүүлж чадсандаа миний бие өнөөдөр баяртай явна.
Өнөөдөр тус групп нь барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, уул уурхай, өрөмдлөг, геологи хайгуул, өндөр зэрэглэлийн сүлжээ ресторан, галерей музей гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй салбар компанитайгаар ажиллаж байна. Энэхүү амжилт нь МОДУН ГРУПП-ийн 30 жилийн түүхийг бичилцсэн бүтээлч хамт олны маань нөр их хөдөлмөрийн үр шим юм. Тус группэд ажиллаж байсан үе үеийн бүтээлч хамт олон, харилцагч компаниуд, хувь хүмүүс ,монголын нийт ард түмэндээ 30 жилийн баялаг түүхтэй Үндэсний бүтээн байгуулагч “МОДУН“ группийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн сацуу түүхт 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.